Return   Facebook

The Universal House of Justice

Ridván 2007

To the Bahá’ís of the World

Dearly loved Friends,

2005 оны 12 дугаар сарын 27-ны захидалдаа бидний толилуулсан үйл ажиллагааны суурь хүрээг чин зүрхнээсээ хүлээн авч, “хороо хороогоор нэгдэн орох үйл явц”-ыг урагшлуулахад өөрсдийгөө зориулан дайчилж байгаа Бахауллагийн дагалдагч нарын үнэнч сэтгэлийг Таван Жилийн Төлөвлөгөөний эхний жил яруу тодоор гэрчлэн харууллаа. Аливаа нэгэн кластерт энэхүү суурь хүрээний бүхий л элементүүдийг цогц уялдаатай маягаар хэрэгжүүлсэн тохиолдол бүрт нийгэмлэгийн амьдралд оролцож буй сүсэгтнүүд болон тэдний анд нөхдийн оролцооны төвшин нэмэгдэж, тооны өсөлт гарснаар тогтвортой ахиц дэвшил гарч, зарим кластерт хэдэн сар тутамд элсэж буй шинээр элсэгчдийн тоо зуу зуугаар тоологдож байхад бусад кластерт хэдэн арваар нэмэгдэж ирсэн байна. Ийм хөгжил дэвшил гарсан нь энэхүү хөдөлгөөний оюун санааны мөн чанарын талаарх амин чухал ухамсар дээшилсний сацуу Төлөвлөгөөний гол заалтуудаас улбаалсан шийдвэр гаргах арга хэрэгслүүдийн тухай ойлголт нэмэгдсэнтэй холбоотой юм.

“Хороо хороогоор нэгдэн орох үйл явц”-ыг урагшлуулахад чиглэгдсэн цорын ганц зорилготой даян дэлхийг хамарсан одоогийн энэ цуврал Төлөвлөгөөг эхлүүлэхээс өмнө Бахайн нийгэмлэг нь дэлхийн олон газар нутагт түргэн бөгөөд өргөнц далайцтай өргөжилтийн үе шатыг даван туулсан байсан боловч өсөлтийн үйл явцыг тогтворжуулах боломжгүй байсан юм. Тиймээс тэр үед хамгийн гол тулгамдсан асуудал бол Үйл хэргийн эгнээг, ялангуяа хүлээн авах чадвар өндөртэй хүн амд шинэ шинэ гишүүдээр дүүргэхэд оршиж байгаагүй, харин тэднийг нийгэмлэгийн амьдралд нягтруулан оруулж, тэдний дундаас нийгэмлэгийн цаашдын өргөжилтөнд өөрсдийгөө зориулан үйлчлэх хангалттай тооны хүмүүсийг бэлтгэхэд оршиж байсан юм. Энэхүү тулгамдсан асуудлыг шийдэх явдал Бахайн ертөнцийн хувьд туйлын эгзэгтэй чухал байсан учраас бид үүнийг Дөрвөн Жилийн Төлөвлөгөөний тэргүүн шаардлага болгон тодорхойлж, Үндэсний Оюун Санааны Чуулгуудыг сургалтын иснтитутыг байгуулах замаар хүний нөөцийг хөгжүүлэх институцийн чадавхиа хөгжүүлэхэд өөрсдийн эрч хүчийн дийлэнхи хувийг зориулахыг уриалсан юм. Өргөн далайцтай өргөжүүлэлт ба бэхжүүлэлтийн тогтвортой үйл явцыг хөгжүүлэхийн төлөө үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай эрдэм мэдлэг, оюун санааны ухамсар, ур чадвар, дадал эзэмшихэд нь туслах зорилго бүхий сургалтын албан ёсны хөтөлбөрт тооны хувьд тасралтгүй өсөн нэмэгдэх бүлэг бүлэг сүсэгтнүүд хамрагдах шаардлагатай хэмээн бид онцлон тэмдэглэж байсан юм.

Өнөөдөр бид эрч хүчтэй өсөлт явагдаж буй кластеруудыг ажиглахад, тус бүрт нь анд нөхөд институтын үйл явцыг бэхжүүлэх ажлаа үргэлжлүүлэхийн хажуугаар Шүтлэгийн идэвхтэй дэмжин дэлгэрүүлэгч нарын байнга өргөжиж буй цөм багийг хэрхэн дайчлах, тэдний хүчин чармайлтыг зохицуулах үр дүнтэй механизмыг хэрхэн байгуулах, хувийн санаачилгууд болон хамтын хүчин чармайлтуудыг нэгдмэл үйл ажиллагааны үр өгөөжтэй загвар болгон хэрхэн нэгтгэн хослуулах, үйл ажиллагааныхаа мөчлөгийг төлөвлөхийн тулд холбогдох мэдээлэл дээр хэрхэн дүн шинжилгээ хийх талаар суралцаж байгааг тэмдэглэж байна. Тэд тогтвортой өсөлтийн түлхүүр болох өргөжүүлэлт бэхжүүлэлтийн ажлыг зэрэгцүүлэн авч явах арга замыг олсон нь үнэхээр илэрхий байна. Энэхүү баталгаа нь нэгэнт тавигдсан системтэй суралцахуйн замдаа улам шийдэмгий тууштай алхах урам зоригийг үнэнч сүсэгтэн бүрт өгнө гэдэг нь дамжиггүй юм.

Гарамгай хөдөлмөр зүтгэл гаргасан эдгээр он жилүүдийн ололт амжилт нь зөвхөн өргөн далайцтай өргөжүүлэлт, бэхжүүлэлтийн ажил ийнхүү дахин сэргэсэн тэдгээр кластеруудад гараагүй билээ. Дөрвөн Жилийн Төлөвлөгөө, түүний дараагаар Арван Хоёр Сарын Төлөвлөгөө, тэгээд өмнөх Таван Жилийн Төлөвлөгөөний хугацаанд баримталж ирсэн арга барил нь өргөн хүрээний хүмүүст үйл ажиллагаагаа хүртээлтэй болгож, тэднийг нийгэмлэгийн амьдралын төрөл бүрийн талбарт оролцуулах нөхцлийг буй болгоход туйлын чухал зэмсэг болсон юм. Даян дэлхийн Төлөвлөгөөний гурван оролцогчийн чадавхийг хөгжүүлэхэд чиглэгдсэн арван жилийн турш хэрэгжүүлсэн үйл явцын үр ашиг нь эдүгээ хаа ч гэсэн тодорхой харагдаж байна. Хаа сайгүй хүний нөөцийг хөгжүүлэх ажлын онцлогын талаарх ойлголтоо нэмэгдүүлэх шаардлага хурцаар тавигдаж байсан. Хаа сайгүй л анд нөхөд системтэй үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих, гол зорилгоосоо анхаарлаа сарниулахаас зайлсхийх, хамтын шийдвэр гаргах явцын тодорхой элементүүдийг анхан шатанд аваачиж нэвтрүүлэх, эрхэм зорилготой эрч хүчтэй нийгэмлэгүүдийг бүтээн босгох, бүх нийтийн оролцоог уриалан дэмжих, нийгэмлэгийн үйл ажиллагаанд нийгмийн янз бүрийн бүрэлдэхүүн хэсгүүдийг, ялангуяа Бурханы Үйл хэргийн ирээдүйн манлайлагч нар, Түүний соёл иргэншлийг бүтээн босгогч нар болох учиртай хүүхэд багачууд, өсвөр үеийнхнийг багтаан нэгтгэх зэрэг тогтвортой өсөлтийн шаардлага хэрэгцээнүүдийн талаар суралцах хэрэгтэй байсан билээ.

Ийм бат бөх үндэс суурь нэгэнт тавигдсан тул сүсэгтэн нэг бүрийн оюун сэтгэлд орших хамгийн нэн тэргүүний бодол санаа бол сургаалыг багшлах явдал байх ёстой. Өөрсдийн хувийн хүчин чармайлтандаа тэд гэртээ уулзалт зохион байгуулан анд нөхдөдөө сургаалыг багшилж, дараа нь тэднийг “цөм” үйл ажиллагаанд хамруулдаг юмуу, эсвэл “цөм” үйл ажиллагаануудыг сургаалыг багшлах гол хэрэгслээ болгон ашигладаг уу, нийгэмлэгийн хувьд тэд тухайн кластерт хамгийн түрүүнд хүүхэд багачууд ба өсвөр үеийнхэнтэй ажиллах явдал дээрээ эрч хүчээ төвлөрүүлдэг үү, эсвэл томчуул дээр төвлөрч ажилладаг уу, хамтын хүчин чармайлтандаа тэд эрчимтэй кампанит ажлуудын үеэр баг байгуулан айл өрхүүдээр айлчилдаг уу, эсвэл хэсэг хугацааны туршид эрэлхийлэгчдийн гэр орноор үе үе айлчлан очдог уу гэх зэрэг асуудлаар шийдвэр гаргахдаа гагцхүү тухайн анд нөхдийн амьдралын нөхцөл байдал, боломж бололцоо, мөн тэдний харьцаж буй хүн амын мөн чанарт л тохируулан гаргах билээ. Гэхдээ нөхцөл байдал ямар байгаагаас үл хамааран тэд нэг талаас оюун санааны тэтгэлэг үгүйн улмаас хүн төрөлхтөн сэтгэл мухардлын гүн рүү улам гүнзгий живж байгааг, нөгөө талаас Агуу их Алдарын нийгэмлэгийн гишүүдийн хувьд хүн бүрт сургаалыг багшлах нэн чухал яаралтай үүрэг хариуцлага ногдож байгааг хүлээн зөвшөөрөх ёстой юм.

Бахаулла Өөрийн дагалдагч нартаа Үйл хэргийг түгээн багшлахыг зарлиг болгосон билээ. Түүний Үүдэл нээлтийн Тэнгис далай руу хүмүүсийг хөтлөн дагуулах арга замуудаа нээхийн тулд мянга мянган анд нөхөд Төлөвлөгөөний заалтуудыг эрч хүчтэйгээр аль хэдийн хэрэгжүүлж эхлээд байна. Бид сургаалыг багшлах явдал сүсэгтэн хүн бүрийн амьдралд ноёлох тэргүүн хүсэл зорилго нь болж, нийгэмлэгийн байнга дүрэлзэн бадамлах эв нэгдэл үйлчлэхүйн талбарт зогсолтгүй өрнөх үйл ажиллагаанд илэрхийллээ олох тэр өдрийг тэсэн ядан хүсэн хүлээнэ. Энэ бол чухамдаа та нараас хүссэн бидний чин хүсэл бөгөөд Ариун Босгоны өмнө үйлдэх бидний оргилуун мөргөл залбирлын зорилго мөн.

 

Windows / Mac